Үүсэл, хөгжил
Нарны аймгийг хийн мананцраас үүссэн хэмээн таамагладаг. Энэ хийн мананцар 4.6 тэрбум жилийн өмнөөс өөр дээрээ нурж эхэлсээр одоогийн нарны аймгийг үүсгэжээ. Энэ хийн мананцар олон гэрлийн жилийн урттай байсан ба нилээд олон тооны одыг үүсгэсэн байж магадгүй.
Улмаар нарны аймаг болж хувирсан манацарын хэсэг болох "нарны өмнөх үеийн хийн мананцар" (pre-solar nebula) нь 7000 - 20,000 астрономын нэгжийн урттай байсан ба одоогийн нарныхаас арай илүү масстай (0.1 - 0.001 нарны массаар) байжээ. Хийн мананцар нурснаар илүү хурдтайгаар эргэлдэх болсон байна. Манацар дахь бодис конденсацлагдснаар доторх атомууд нь өөр хоорондоо илүү давтамжтайгаар мөргөлдөх болов. Ихэнх масс төвдөө цуглуулагдан төвийн хэсэг гадуурхаасаа илүү халуун болсон байна. Татах хүч, хийн даралт, соронзон орон, эргэлт зэрэг нь манацарт үйлчилснээр мананцар хавтгайрч, 200 а.н.-ын диаметртэй, дундаа халуун, нягт ихтэй прото-одтой протогаригний диск болон хувирчээ.
Одоогийн төлөвт орсон нь
100 сая жилийн дараа мананцарын төв дэх устөрөгчийн даралт, нягт ихэссэнээр нар жинхэнэ од болон хувирчээ. Үлдэгдэл хий ба тоосонцороос гаригууд үүсэн бүрэлджээ. Эдгээр тоосонцрууд хоорондоо мөргөлдөж, хоорондоо бага багаар нэгдсээр одоогийн хэм хэмжээндээ (урт нь жилд дунджаар 15 см-ээр нэмэгдсэн) хүрсэн байна.
Дотоод нарны аймагт метан, ус зэрэг молекулууд хөрөхөд тохиромжгүй, хэт халуун байсан тул энд зөвхөн өндөр температурт хайлдаг силикат, металлууд нэгдэж одоогийн хөрст гаригуудыг бүрэлджээ. Арай гадагшаагаа Бархасвадийн татах хүч дахин гариг бүрэлдэхэд саад болж, бага гаригын бүс бий болсон байна.
Үүнээс бүр гадагшаа Бархасвадь, Санчир гаригууд хийн аварга гаригууд болж бүрэлдэв. Далайн ван, Тэнгэрийн ван гаригууд энэ хоёроос бага материалыг цуглуулж, цөм нь устөрөгчид нэгдлүүдийн мөстэй "мөсөн аваргууд" болжээ.
Нар энергийг үүсгэж эхэлснээр нарны салхи хий, тоосонцруудыг цааш түрж, гаригийн бүрэлдэлтийг зогсоосон байна.
Сүйрэл
Одон орон судчаачдын тооцолж буйгаар нар устөрөгчийн нөөцөө шатааж дуусгаснаар нарны аймаг үгүй болно.
Нар устөрөгчийн нөөцөө шатааж, үлдэгдлийг нь шатаахын тулд улам халуун болж байгаа. Иймээс нар нь 1.1 тэрбум жил тутамд 10%-аар тодорч байгаа аж. Одоогоос 6.4 тэрбум жилийн дараа нарны диаметр одоогийнхоосоо 100 дахин томорч улаан аварга од болно. Энэ үед газрын гадарга нэмэгдснээр температур нь багассан байх ажээ. Улмаар нарны гадаад давхраанууд унаж, маш нягттай боловч одоогийн дэлхийн хэмжээтэй цагаан одой од болж хувирна.
Бүтэц
Ерөнхийдөө бол олж тогтоогдсон нарны аймгийн хил хязгаарт Нар, дөрвөн хөрст буюу дотоод гариг, жижиг хэмжээтэй чулуулаг биетүүдээс тогтсон бага гаригийн бүс, дөрвөн аварга том хийн гаригууд, мөн хоёр дахь бүс болох мөстлөг биетүүдээс тогтсон Кюперийн бүс орно. Кюперийн бүснээс цаашаагаа Сарнисан диск, гелиопауз, одоогоор онолын шатанд буй Оортын үүл оршино.
Гаригууд нь нарнаас алслагдсан зайгаар: Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасвадь, Санчир, Далайн ван юм. Эдгээр найман гаригын зургаад нь байгалийн дагуул байдаг ба эдгээрийг заримдаа дэлхийн дагуул сарны нэрээр "сарууд" хэмээдэг. Гадаад гаригууд бүгдээрээ гадуураа тоос зэргээс тогтдог цагираг бүслүүртэй байна. Дэлхийгээс бусад гаригуудын англи нэрүүд бүгд Грек-Ромын домог үлгэрүүдийн бурхад, сахиусын нэрнээс гаралтай байна.
Гурван одой гариг нь Кюперын бүсний хамгийн том биет болох Дэлхий ван; бага гаригийн бүсний хамгийн том биет болох Церер; Сарнисан дискэд орших, хамгийн том одой гариг болох Эдид юм.
Наранд нарны аймгийн нийт массны 99 гаруй хувь байдаг. Үлдсэн 1%-ын массны 90% нь Бархасвадь, Санчир гаригуудад ноогддог. Одоогоор хамгийн их хүлээн зөвшөөрөгдөж буй онолоор, нарны аймаг хийн мананцраас үүсчээ.
0 comments:
Post a Comment