Гаригууд

Нарны аймаг найман гаригтай. Эдгээрийг хөрстэй болон хийн гэж хоёр бүлэгт хуваадаг.

Хөрстэй гариг

Хөрстэй гаригт Буд, Сугар, Дэлхий, Ангараг багтдаг. Эдгээр гаригууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гариг гэдэг.

Хийн гариг

Хийн гариг болох Бархасвадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг.

Хөрстэй гариг


Буд бол нарны систем дэх наранд хамгийн ойрхон, хамгийн жижиг, халуунаараа хоёрт (хамгийн халуун нь Сугар гариг) орох гариг юм. Гадаргуу нь тогоонуудаар бүрхэгдсэн тул сартай адилхан харагддаг. Өдөр нь маш халуун, шөнө нь маш хүйтэн.

Уг гариг нь нарны систем дотроо хамгийн жижиг нь юм. Наранд хамгийн ойрхон учир нарыг маш хурдан тойрдог. Түүн дээрх нэг жил нь 88 өдөр үргэлжилнэ. Мөн тэнхлэгээ тойрон маш удаан эргэлддэг учраас тэнд нар жаргахаас дараагийн нар жаргалт хүртлэх хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг.

Мөн нягт ихтэйгээрээ дэлхийн дараа орно. Гаригийн бүтцэд нягт ихтэй төмөр ихээр агуулагддаг. Гэвч соронзон орон нь сул байдаг.

Буд гариг дээр орчсон хоёр л сансрын хөлөг байх ба үүний эхнийх болох Маринер 10 нь 1974-с 1975 он хүртэл гадаргын 45%-г судласан бол 2008 оны 1 сарын 14-нд очсон MESSENGER хөлөг нь дахин 30%-г судлажээ. MESSENGER хөлөг нь 2009 онд дахин Будад ойртож, 2011 онд орбитод орох юм байна.

Буд гаригийг олж харахад хэцүү байдаг нь түүний хэмжээтэй холбоогүй харин түүний Наранд ойрхон байдгаас болдог. Иймд түүнийг нар жаргаснаас хойш болон нар мандахаас өмнөх богино хугацаанд ажиглах боломжтой.

Гаригийн англи нэр болох Mercury Ромын бурхдын хооронд мэдээ зөөдөг байсан далавчтай элч Меркуригийн нэрнээс гаралтай. Меркури бурхан нь Эртний Грекийн Херместэй дүйцэх бөгөөд ийнхүү Буд гаригийн тэмдэг нь Хермесийн кадуцей буюу саваа болно.

Хятад, Солонгос, Япон болон Вьетнамын домгуудад Буд гаригийг усан од гэж нэрлэдэг.

Буд
MESSENGER хөлгөөс авсан Буд гаригийн худал өнгөт зураг

Сугар нь Нарны аймгийн хоёрдахь, хөрст (хатуу чулуурхаг гадаргуутай) гариг юм. Сугар гариг нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь Дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч сугар гариг маш халуун учир хийн төлөвт оршино. Уг хүхэрлэг үүл цагт 360 км нүүдэг байна. Хүлэмжийн хийн эффект нь Сугар гаригийг Нарны аймгийн хамгийн халуун гариг болгоно.

Сугар гариг нь нарыг дэлхийн 225 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээ 243 хоногт нэг эргэнэ. Дэлхий, Сугар гаригийн хоорондох зай нь 40 сая км бөгөөд Сугар гаригийн татах хүч нь дэлхийнхтэй ойролцоо байна.

Сугар гариг нь өглөө эрт, эсвэл нар жаргасны дараахи хэдэн цагт тэнгэрт харагдана. Монголчууд уг гаригийг "Үдшийн гялаан", мөн "Үүрийн цолмон" гэж нэрлэдэг.

Сугар

Сугар гариг, бодит өнгөтэйгээр

Дэлхий нь нарны аймгийн 3 дахь гариг юм. Дэлхий нь 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн, нэг дагуултай (Сар), 365.26 өдөрт Нарыг бүтэн тойрдог). Дэлхийн эргэлтийн тэнхлэг 23.5° хазайсан байдаг нь, дэлхий дээрхи улирлын өөрчлөлтийн шалтгаан болно[12].

Дэлхий нь агаар мандалтай, гадаргуугийнх нь 71% нь далай (ус), үлдсэн 29% нь хуурай газар (тив, арал). Дэлхийн гадаргуу нь тектоникийн плитүүдэд хуваагдах ба тэдгээр нь тасралтгүй нүүж (хөвж) байдаг. Дэлхий нь гүн рүүгээ бүслүүрлэг тогтоцтой бөгөөд цөм, манти, царцдасаас тогтоно.

Аполлон 17-гоос авсан дэлхийн өнгөт зураг
Аполлон 17-гоос авсан Дэлхийн алдарт "Хөх бөмбөлөг" зураг

Ангараг нь нарны аймгийн дөрөв дэх гариг юм. Хоёр дагуултай бөгөөд хөрст гариг. Уг гариг нь маш нимгэн нүүрсхүчлийн хийгээс тогтсон агаар мандалтай. Дэлхийгээс илүү хүйтэн байдаг нь Нарнаас алслагдсан байдагтай холбоотой. Уг гаригийн туйлууд дээр нь мөс байгааг тогтоосон бөгөөд эрдэмтэд ус байсан гэж үздэг.

Нарны аймгийн хөрст гаригууд (зүүнээс баруун тииш): Буд, Сугар, Дэлхий, Ангараг

Ангараг гаригийн радиус нь Дэлхийн радиусын хагастай, жин нь 1/10-тэй тэнцэнэ. Ангараг гаригийн улаан өнгө нь түүний гадаргуу дээр өргөн тархалттай байдаг төмрийн усан исэл буюу гематиттэй холбоотой.

Ангараг гаригийн англи нэр болох Mars нь Ромын дайны бурхны нэр юм. Монголчууд "Улаан нүдэн гариг" гэж нэрлэх нь бий.

Ангараг

Хийн гариг

Санчир нь нарны аймгийн хоёр дахь том гариг (Бархасбадийн дараа), нарнаас зургаа дахь гариг юм. Санчир болон Бархасбадь, Далайн ван, Тэнгэрийн ван нарыг хийн гаригууд гэдэг.

Санчир гариг нь устөрөгч болон бага хэмжээний гели зэргээс тогтоно. Бүтэц нь чулуулаг, мөснөөс тогтох цөм, металл устөрөгчөөс тогтох манти ба хийн гадаад давхраа юм. Гаднах атмосфер нь ерөнхийдөө өнгөлөг биш ч гэсэн хааяа удаа орших онцлогууд бий болдог. Санчир дээр салхины хурд 1,800 км/цагт хүрэх бөгөөд энэ нь Бархасбадийнхаас харьцангуй их юм. Татах хүч нь дэлхийнх, бархасбадийнхын хүчүүдийн дундаж орчим юм.

Санчир нь мөс, бага хэмжээний чулууны хэлтэрхий, тоосноос тогтох цагирагны системтэй. Гаригийг одоогоор жаран нэгэн дагуул тойрч буйг тогтоосон бөгөөд үүнээс гадна хэдэн зуун дагууланцрууд цагираг дотор оршино. Санчирын хамгийн том дагуул Титан нь нарны аймгийн хоёр дахь том дагуул (Бархасбадийн Ганимедийн дараа орно) бөгөөд Буд гаригаас ч том хэмжээтэй. Үүнээс гадна ихээсэн хэмжээний агаар мандалтай цорын ганц дагуул юм.

Санчирийн англи нэр Saturn нь Ромын хөдөө аж ахуй, ургацийн бурхан Сатурны нэрээр нэрлэгдсэн. Одон орны тэмдэг нь тухайн бурхны хадуур болно
Санчир
Кассини хөлгөөр авсан зураг

Далайн ван нь нарны аймгийн найм дахь гариг юм. Хэмжээгээрээ дөрөв дахь том, массаараа гурав дахь томд тооцогдоно. Далайн ван нь хажуу дахь нягт арай багатай тэнгэрийн ван гаригаас илүү, дэлхийгээс 17 дахин их масстай. Тус гариг нь нарыг ойролцоогоор 30.1 а.н. зайнд тойрно. Тэнгэрийн ван гаригийн орбит бага зэрэг өөрчлөгдөж байсныг үндэслэн 1846 оны 9 сарын 23-нд нээгдсэн далайн ван гариг нь ажиглалтаар бус математик тооцоогоор олдсон анхны гариг болжээ. Энэ үед мөн хамгийн том дагуур болох Тритон нээгдсэн байна. Далайн ванд очсон ганц сансрын хөлөг нь 1989 оны 8 сарын 25-нд очсон Вояжер 2 байжээ.

Далайн ван нь бүтцээрээ Тэнгэрийн вантай төстэй бөгөөд бусад хийн гариг Бархасбадь, Санчираас ялгаатай. Атмосфер нь Бархасбадь, Санчиртай ижил устөрөгч, гели, мөн маш бага хэмжээний нүүрстөрөгч, азотоос ихэнхдээ тогтох ч ус, аммон, метан зэрэг мөсүүд ихтэйгээрээ онцлог. Эдгээр ялгааг гаргахын тулд одон орон судлаачид заримдаа Далайн ван, Тэнгэрийн ванг "мөсөн гаригууд" хэмээн ангилдаг. Цөм нь мөс, чулуулгаас тогтдог. Гаригийн хөх өнгө нь хамгийн гаднах хэсэгт нь байх маш хэмжээний метанаас шалгаална.

Далайн вангийн атмосфер дахь цаг агаарын үзэгдэл идэвхитэй, их харагддагаараа далайн вангаас ялгагдана. Эдгээр үзэгдлүүд нь нарны аймаг дахь хамгийн хурдан (2100 км/цаг-т хүрнэ) үргэлжилсэн салхины урсгалуудаар явагддаг байна. Нарнаас маш их зайд орших тул далайн вангийн гадна атмосфер нь нарны аймаг дахь хамгийн хүйтэн газруудын нэг юм. Үүлний дээд хэсэгт −218 °C (55 K)-т хүрнэ. Цөм дахь температур нь харин нарны гадаргатай харьцуулахуйц хэмжээнд ба бусад гаригуудын цөмийн температуртай ойролцоо буюу 7,000 K (7,000 °C) орчимд хүрдэг. Далайн ван нь маш бүдэг, эмтэрхий цагирагны системтэй.

Далайн вангийн англи нэр Neptune нь Ромын далайн бурхан Нептуны нэрээр нэрлэгдсэн бөгөөд бөгөөд тэмдэг нь Нептуны сэрээ юм.

Вояжер 2 хөлгөөс авсан Далайн вангийн зураг
Вояжер 2 хөлгөөс авсан Далайн вангийн зураг

Тэнгэрийн ван нь нарны аймгийн гурав дахь том, дөрөв дахь хүнд, нарнаас тоолбол долоо дахь гариг юм. Тухайн гариг нь эрт үед мэдэгдэж байсан 5 гаригтай ижлээр ил нүдэнд харагдах ч тод бус байдал, удаан орбитоос шалтгаалж гаригт тооцогддоггүй байв. 1781 оны 3 сарын 12-нд Сэр Уильям Хершель тэнгэрийн ванг нээснийг мэдэгдэж орчин үеийн түүхэнд нарны аймгийн мэдэгдэх хил хязгаарыг ихэсгэсэн анхны тохиолдол болж байв. Үүнээс гадна энэ нь дуран авайгаар олдсон анхны гариг байжээ.

Тэнгэрийн ван нь бүтцээрээ Далайн вантай төстэй бөгөөд бусад хийн гариг Бархасбадь, Санчираас ялгаатай тул одон орон судлаачид заримдаа "мөсөн гаригууд" хэмээн ангилдаг. Атмосфер нь Бархасбадь, Санчиртай ижил устөрөгч, гелигээс ихэнхдээ тогтох ч бага буцлах температуртай бодис (ус, аммон, метан, маш бага хэмжээний нүүрсустөрөгчид) ихтэйгээрээ онцлог. нарны аймаг дахь хамгийн хүйтэн атмосфертай; хамгийн бага темперутур нь 49 K (−224 °C). Маш нарийн, давхраануудтай үүлэн бүтэцтэй бөгөөд хамгийн доор нь ус, хамгийн дээд давхрааг метан эзлэдэг хэмээн үзэж байна. Тэнгэрийн вангийн цөм хэсгийг мөс, чулуулагаас тогдог гэж үздэг.

Тэнгэрийн ван нь цагирагны систем, соронзон мандал, маш олон дагуултайгаар бусад хийн гаригуудтай ижил. Эргэх тэнхлэг нь нарыг тойрох хавтанд бараг хүрдэгээрээ бусад гаригаас ялгаатай. Ийнхүү туйлууд нь бусад гаригийн экватор байрлах газар орчим оршино.1986 онд Вояжер 2 сансрын хөлгөөс авсан зургаар тэнгэрийн ван нь үзэгдэх гэрлээр онцлог үзэмжгүй гариг болох нь харагджээ. Харин сүүлийн жилүүдэд дэлхийгээс ажиглахад экваторынх нь яг дээр нар орших цэг ойртоход улирлын өөрчлөлт, цаг агаарын үзэгдэл ихсэж буйг ажигласан. Тэнгэрийн ван дээрх салхины хурд нь 250 м/с-д хүрнэ. (900 км/цаг).

Тэнгэрийн вангийн англи нэр Uranus нь эртний Грекийн тэнгэрийн бурхан Ураны нэрээр нэрлэгдсэн.

Тэнгэрийн ван
Вояжер 2 хөлгөөр авсан зураг




Нар

Нар

Нар бол од юм. Нар болон түүнийг тойрон эргэх гаригууд нь мананцрын бөөгнөрөлөөс үүссэн. Гэвч энэ мананцар нь Их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй юм. Тэднээс өөр олон элемент байсан юм. Эдгээр хүнд элементүүд нь Их дэлбэрэлтээс хойш Нар бий болж эхлэх хүртэлх ойролцоогоор 10 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд 2%-д ч хүрэхээргүй бага байлаа. Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гариг,дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агуулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг. Манай нарны аймаг ч бас гариг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай Нарны аймаг, өмнө үүсээд сөнөсөн одноос үүссэн юм.

Astronomy

11:36 PM | 0 Comments

Хаббл дуран авайгаар авсан Гурван маралын оддын орд дахь гараг хөврөлийн мананцрын зураг. Хэмжээгээрээ хэдэн гэрлийн жил хүрэх энэхүү мананцар нь манай Нарны аймаг бүрэлдсэн тэрхүү эртний мананцартай төсөөтэй юм.

Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй.

Уг үүлнээс манай Нарны аймаг үүссэн нарны мананцар хэмээх тэр хэсэг агшихад өнцгөн момент хадгалагдсанаар эргэлт нь түргэссэн байна. Массын дийлэнх нь бөөгнөрсөн төв хэсгийн температур эрс нэмэгдэж, түүнийг тойрон эргэж буй хавтан хэлбэрт тоосонцрынхоос илүү өндөр температуртай болсоор байв. Ийнхүү агшин буй манацар нь эргэлтийнхээ явцад хавтгай хэлбэртэй болж, 200 AU орчим диаметр бүхий гараг хөврөлийн хавтгай үүсгэж, төвдөө нэн халуун бөгөөд өндөр нягттай одны хөврөл үүсгэсэн байна. Энэ шатанд Нар T Tauri ангиллын од байсан гэж үздэг. T Tauri ангиллын оддыг ажиглахад 0.001–0.1 нарны масс бүхий гараг хөврөлийн үүлэнцрээр хүрээлэгдсэн нь олонтаа ажиглагддаг бөгөөд мананцрын массын дийлэнх хэсэг одондоо төвлөрсөн байдаг. Энэхүү дугуй хавтан манацар дахь тодорхой цэгүүдэд массын төвлөрөл үүссэнээр гарагууд бүрэлдсэн байна. Одны хөврөлийн төв дэх ус төрөгчийн даралт хэлбэрэлтгүй нэмэгдсээр 50 сая жилийн дотор халуун цөмийн урвал эхлэх нөхцөл бүрджээ.

Тийнхүү температур, урвалын хурд, даралт, нягт нэмэгдсээр дулааны энерги таталцлын хүчний тэнцвэрт байдал тогтжээ. Энэ шатанд Нар гол цувааны одны бүх шинжийг олсон билээ.

About

Paradox